Saturday, January 28, 2012

Чамайг хүлээсэн гурван өдөр


Чамайг хүлээсэн гурван өдөр гурван зуун жил шиг удаан болохоор
Би одоо гурван зуун хорин настай
Гудамжаар алхаж яваа хос залуусыг харахад
Доголон нулимс минь таягтай санаа алддаг ч залуухан салхи түшээд л явчихдаг
Домог болсон нүдээрээ тэднийг адислахад үрчлээтэй дух мэт гуниг минь сургаал хэлдэг
Үхэх цаг минь болжээ гэж зүрх салганан уйлахад чи ирсэн ч
Чи ирлээ гээд цаг хугацаа ухрахгүй
Хацрыг минь илэх гарыг чинь үнсэх оройтсон
Агаараас хөгжим гаргаж чамд ая сонсгох ид шид минь ч замхран арилсан учраас
Өвөө нь одоо охиндоо үлгэр ярьж өгье
Эртээ урьд цагт нэгэн залуу хүү ухаангүй дурлаад өвгөн болчихжээ ,,,

Tuesday, January 3, 2012

Ердөө л агаар


Шилэн нүдтэй чиний ертөнцөд цонх бол ердөө л агаар
Агаар бол ердөө л агаар
Бас хоосрол
Сормуусан дээр чинь унах цасыг аажууханаар гартаа атгаад
уруул руу чинь үлээхэд
Будрах цасан бүгдээрээ л урууланд чинь хувирч бүхий л дэлхийг
Чиний өмнөөс энхрийлэн үнсэж байхад ч
Юу ч болоогүй мэт
Үнсэлт бол ердөө л агаар
Агаар бол ердөө л агаар гэж инээмсэглэн хэлж чадах
Чиний ертөнцөд, би ч бас ердөө л агаар байжээ
Шаналант агаар болохыг шаналан хүсэгч ердөө л агаар байжээ