Tuesday, December 20, 2011

С.Начин: Ер нь яруу найраг гэдэг өөрөө хорвоо ертөнцийг таних, таниснаа бусдад хэн нэгэнд мэдрүүлэх агуу урлаг юм аа.


Энэ жилийн “Болор цом”-ын хамгийн залуу яруу найрагч тодотголтой оролцсон С.Начинтай “Болор цом”-ын болоод яруу найргийн талаар ярилцлаа. Тэрээр өнгөрсөн жил 19 настайдаа “Болор цом”-д шүлгээ өгсөн боловч тэнцээгүй. Харин энэ жил 180 гаруй найрагчаас 38-д үлдэн дараагийн шатанд оролцох эрхээ авсан юм. Мөн өнгөрсөн жилийн “Цагаан уул” хайрын шүлгийн уралдааны тэргүүн байрын шагналтай.


- Өөрийгөө юуны өмнө товч танилцуулна уу? Хэзээнээс яруу найргийн гэр бүлд оров?
- Намайг Сайнжаргалын Начин гэдэг. Улаанбаатар хотын жирийн нэгэн дүүрэг төмөр замд миний бага нас өнгөрсөн. Тэнд мэдээ орохоос л сонсогдсон дуу бол галт тэрэгний дуут бүрээ байсан. Түүнийг сонсоод л нэг мэдэхэд яруу найргийн галт тэргэнд суучихсан байх гэж боддог. Бас удамшина гэж ярьдаг даа. Тэрэн шиг удмын юм байгаа байх. Манай өвөө Д.Оросоо насаараа сэтгүүл зүйд зүтгэсэн. “Хөдөлмөр” сонин, “Тоншуул” сэтгүүлд ажилладаг байсан.


- “Болор цом”-ын хамгийн залуу оролцогч болсонд баяр хүргэе.
- “Болор цом” наадамд энэ жил залуу яруу найрагч гэсэн тодотголтой орох сайхан байсан. Баярлалаа.


- Ийм залуудаа яруу найргийн тэргүүн тэмцээнд орох бодол, зориг хэзээ, яаж гарав?
- Ер нь яруу найраг гэдэг өөрөө хорвоо ертөнцийг таних, таниснаа бусдад хэн нэгэнд мэдрүүлэх агуу урлаг юм аа. Тиймээс үе үеийн яруу найрагчдийн дуу хоолой эгшиглэнт охин тэнгэр “Янжинлхам”-ын мутард хүрсээр ирсэн. Тиймээс л “Болор цом”-д 2 дахь жилдээ бүтээлээ өгөөд тэнцсэн.


- 180 гаруй найрагчаас эхний шатанд 38 нь тэнцсэн. Тэнцсэн гэдгээ мэдээд ямар сэтгэгдэл төрж байв, залуу хүний хувьд чамгүй амжилт шүү...
- Мэдээж сайхан санагдалгүй яахав. Уран бүтээлч хүн жилийнхээ хөдөлмөрийг шалгуулна гэдэг том даваа. Сэтгэл их өндөр байсан.


- Ямар шүлгээрээ эхний шатанд тэнцсэн бэ?
- Энэ жил бичсэн “Байгаль нүдний өмнө” гэдэг шүлгээрээ тэнцсэн. Дараагийн шатанд “Яруу алдрын эрхэмсэг титмийг” гэдэг шүлгээ уншсан.


- Анх удаа “Болор цом”-ын хүндтэй тайзан дээр гарахад сандарсан уу, ямар байна?
- Эхлээд гарахад сандарч л байсан. Тэгээд эхний хоёр мөрөө уншингаа үзэгчид рүү хартал миний багш утга зохиол шүүмж, судлаач ШУ-ны доктор Д.Галбаатар өөдөөс инээхэд нь их урам орсон. Энэ завшаанийг ашиглаад МУИС-ын утга зохиолын хамт олондоо 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

- Та өнгөрсөн жил “Болор цом”-ын дараагаар ордог “Цагаан уул” хайрын шүлгийн уралдаанд түрүүлсэн. Тэгвэл энэ 2 тэмцээний ялгаа юундаа байна?
- “Цагаан уул” бол хайрын шүлгийн наадам. Энэ наадамд хоёр жил үе тэнгийн найрагчидтайгаа өрсөлдөж байж авсан. Залуучуудын хайрыг мэдрэх, мэдрүүлэх бас уран бүтээлийг нь олон нийтэд таниулах наадам. Харин “Болор цом” бол ард түмнийг уран бүтээлчидтэй уулзуулдаг, жилдээ нэг болдог 1984 оноос хойш зохиогдож ирсэн уламжлалт том наадам.


- Тэгвэл таны бодлоор энэ жилийн “Болор цом” тохирох эзэндээ очиж чадсан уу?
- Миний хувьд урд урдны жилүүдийг бодвол харьцангуй сайн шүлгүүд уншигдсан. Тохирох эзэндээ очсон гэж бодож байна. Урд нь “Болор цом”-ын эзэн болж байсан 2 найрагч байсан ч битүү морь түрүүлчихсэн. Их зөв. “Болор цом”-ын эзэн маань “Цагаан уул”-ын эзэн мөн болж байсан.

- Зарим хүмүүс Архангайн найрагч учраас Д.Болдхуяг бараг авах нь тодорхой байсан гэж ярих юм?
- Архангайтай холбоотой ч Архангайн гурван найрагч тэмцээнд оролцсон. Гэвч аваагүй. Харин тогтсон тодотголыг эвдсэн нь бусдад ч таатай байсан байх.


- Мөн цомын эзэн аль жилийн өмнө яригдаад тодорчихсон байдаг гэсэн. Энэ талаар?
- Тийм зүйл яригддаг л юм. Гэхдээ олны яриа оргүй гэдэг. Миний хувьд тэрийг нэг их судлаад, асуугаад явахыг хүсдэггүй.


- Тэгвэл Д.Болдхуягийн шүлгүүд ямар онцлог, давуу талтай вэ?
- Яг үнэнийг хэлэхэд Д.Болдхуяг найрагч уламжлалыг барьсан, хуучин сэтгэлгээтэй шүлгүүд уншсан. Харин хоёрын даваанд уншсан “Үхэл” гэсэн шүлэг нь нилээн шинэлэг болсон байсан.


- “Болор цом”-д маш олон жил оролцсон ч түрүүлээгүй хүмүүс байдаг. Гэтэл зарим нь 2, 3-хан жил ороод л түрүүлчих юм. Энэ юутай холбоотой юм бол?
- Ерөнхийдөө бас тухайн хүнд өгөгдсөн өгөгдөл, аз, од тухайн өдрөө мэдэрч шүлгээ унших зэрэг нь их нөлөөлнө л дөө. Жишээлбэл энэ жилийн цомын эзэнтэй ярьж суухад 4 дэх жилдээ орж байна гэсэн. Гэтэл 29 удаа болсон цомын 25-д нь СГЗ Ш.Гүрбазар уралдаад авч чадаагүй. Сүүлдээ зодог тайлсан шүү дээ.


- Дараагийн “Болор цом”-д оролцох уу?
- Бодсон юм алга. Ямар ч байсан яруу найргаас салж чадахааргүй болсон болохоор орох л байх.


- Цомын эзэн болон болтлоо юу?
- Өөрийн чадах чинээгээрээ чамбай сайнхан шүлгүүдээрээ оролцох болно. Тэгээд нэг сайхан өдөр хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж найз нартайгаа найрлана даа.
- Ерөөл бат оршиг. Тэгвэл энэ жилийн цомд сойсон шүлгүүдээсээ аль нэгийг нь уншиж сонирхуулаач.

- Хэт гүнзгий нөлөөлөлд автаж
Яруу найрагт дурласнаас хойш
Хэнэггүй гэнэ гэнэхэн цохилох цагийн зүүг
Яв цав зүрхээрээ мэдэрч
Амьдрах хийгээд үхэх 2 ямарч ялгаагүйг
Амьсгалынхаа чимээнээс олж цочиход
Гунин гэгэлзэхэд угтаа гэгээрэл болдогийг
Дурлуулж ханадаггүй хаврын охидын
Гэрэлт туяхан шилбэнээс цацрах өнгөнд цохиулж
Дотоод хүнтэйгээ тэрсэлдэн маргалдахдаа
Судал бүртээ нэгэн цагт шархдахдаа мэдэхгүй
Навчсын зөнд атаархан
Суунаглан буй утаагүй тосгоны
Нэгэн хэвийн уйтгарт автаж
Цохилох зүрхнийхээ шигшрэн гүйх дусао цусанд
Цоож цуургагүй хамаг нууцаа дэлгээд
Доромжлол мэт цаг хугацааг сөрж алхахад
Хяхтнан онгойх хаалганы завсраас
Хэн нэгэн өнгийх шиг
Өнгөрөн одсон дурсамж бүхний эхлэлээс
Гүн их эмзэглэл төрхийн төдийд
Өмөрч хоосорсон цээжний ховдол
Гэнэт сэрээд цамнахад
Сэрдхийтэл дэвэх сүрэг тагтааны хүчирхэг эрчилсэн давалгаанд
Солгой эгшгийг өөртөө ботилж
Хоног өдрийн уртад аман дотроо бувтнахад
Хамгийн ойрын хүсэл аньсага үнэрлэн сэрээх нь
Хөх тэнгэрийн эрчлээ
                                                                                                           Б.Хуяг

Saturday, December 17, 2011

Зүүднийхээ гэгээн дурсгалд зориулав.


Чиний зүүдийг зүүдэлтлээ зүрхний чинь хэмнэлээр цагаа тааруулж амьдарсаар
Зүүд чинь болчихжээ би
Үнсэлт чинь л намайг эндээс татаж чадах боловч эсрэгээрээ чи миний зүүдрүү уначих болохоор
Уруулаа би усны мандал дээр тавиад аажмаар живэхийг нь навчин дээр зурж зогсохдоо
Ухаангүй уйлсан ч, цуурай нь инээмсэглэж буй төрхийг чинь хадан дээр сийлчихээд
Цэцгийн дэлбээн дээр гарыг чинь зураад атгахад хүртэл
Чиний гар гэж эндүүрмээр булбарай арьсыг чинь салхины үсийг илбүүлж мэдэрүүлэхэд л
Зүүдний чинь ертөнцийг судлахаар өндийн боссон ,,,
Зүүдэнд чинь ганцаардлын галт бамбар
Ганцхан дусал нь галын дөл дээр цэцэг ургуулаад
Дэлхийг нь бүхлээр нь мансууруулах хар тамхи мэт мөнхийн усаар дүүрсэн шидэт лонх байдаг
Зүүдрүү чинь уначихсан цасны ширхэг даарсандаа дагжин чичрэх нь хүртэл
Ганцаардагчдын ертөнцийн хамгийн дээд өнгийг тэнгэрлүү илгээдэгч
Тэндээ царцаж сэтгэлийн минь хэлбэрийг олоод мөс болон газарт бутардаг
Зүрхээ хайсан хүмүүс зүрхийг минь сугалж аваад минийх гэж шүүхийн тавцан дээр хашгирдаг ч
Зүүдэнд чинь би бүхий л биеэрээ чиний төлөө зүрх мэт цохилдог болохоор тийм өчүүхэн зүрхийг
Заргалдаж суух зав надад байдаггүй
Хэзээ нэгэн цагт нууцат ертөнцийг чинь тайлж дуусчихаад сахлаа имрэхдээ
Хөгширсөнөө сая л анзаарлаа гээд хүрч чадашгүй хамгийн хол цэг гэж нүдийг чинь тэмдэглэхэд
Зүүдний чинь хаврын тэнгэрээс нүд мэт цасан будрах ёстойг би мэднэ
Зүүд чинь болчихжээ би , , ,

Thursday, December 1, 2011

Амьдрал бол яагаад ч амьдрал байж таарахгүй ,,,


Амьдрал бол амьдрал биш амьд арал
Арал ч бас биш
Амьд арал дээрх моддын зүүд хэрхэн эхлэж хэрхэн төгсөхийг нь судлах ёстой
Мэдээлэл цуглуулагч навчны найруулгын алдаагүй өгүүлбэр хэлэх урууланд сэлэгчдийн
Баруун гарны даллалт бол цас харин зүүн нь бороо болдог
Тэдгээр цас, борооны ширхэгүүдээс суллагдах
Ердөө л хэний ч нүдэнд үзэгдэггүй сүнснүүдийн үхэл бас төрөлт, сүнсний сүнс
бол амьдрал
Хэний ч санаанд оромгүй дүрснүүдийг эвлүүлчихээд хүн болгодог барималчин эрийн
Духны үрчлээсээр дүүрэн ганцаардалаар цэнэглэгдсэн сар
Гудамжаар хэний ч санаанд оромгүй дүрс шөнөжин хайж хоноод
Маргааш нь эвлүүлж хүн болгохоор барималчны хаалгыг тогшиход
Чимээ нь агаарт замхрах мөч бол амьдрал
Тэр барималчин эрийн зүүд нойр, хүсэл мөрөөдөлийн зүрхний зүүн буланд л бүтээгддэг
Хүнд шилжүүлжэн суулгах боломжтой шавар зүрхнүүдийг гартаа атгаад инээмсэглэх эмчийн
Нүднийх нь өмнө шавар эрвээхэй үүсээд
Өрөөгөөр нэг нисээд л байх боломжгүй хувилбар бол амьдрал
Болох болохгүйн хязгаар дээр тэмдэг тавьсан бурхны бодоод ч олохгүй байгаа
Бодомжуудаар арьсаа бүрсэн үл үзэгдэгч сүнснүүдийн үхэл бас төрөлт, сүнсний сүнс бол амьдрал
Гэхдээ л
Амьдрал бол яагаад ч амьдрал байж таарахгүй ,,,


http://www.youtube.com/watch?v=AsvghWahPOs

Tuesday, November 22, 2011

Чиний гунигийн хэлтэрхий ,,,

Чиний гунигийн хэлтэрхий алган дээр минь хийсч ирэхэд зүрхрүүгээ хумигдаж ороод
Ганцаардлынхаа далайн эрэг дээрх
Элс бүхнийх нь зүрх чиний төлөө цохилоход л нэгэн найрал эгшиглэдэг
Элсээр бүтээсэн гэрэлт цамхаг доторх нүдийг чинь зурж тайтгардаг цонхныхоо дэргэд
Дурлалд минь зориулж ертөнц надад хөгжимдөх лимбэний 2дох нүхэн дээр зогсчихоод
Сэтгэлээ бахардтал харайж гуниглахад,
Хаалганы завсраар салхи орж ирээд уруулыг минь шүргэн гэгээрэлд хүрнэ
Чиний гунигийн хэлтэрхий ч салхисыг гэгээрэлд хүргэнэ

Tuesday, October 4, 2011

Тэгээд л би , , ,


Зөрж ургасан хоёр мод адил хүмүүсийн сэтгэл хийгээд тархины дүүжлүүрэн сандал дээр суугаад
Сарыг гартаа атгаж цэцэг хэмээн итгэтлээ үнэрлэсэн
Чиний гарыг л үнэрлэсэн байсан
Тэгээд л бодож эхэлсэн
Үхэлтэй ах дүүгийн барилдлагатай амьдралд хайртай гэж хэлсэнээрээ
Үхлийг ч өөртөө нэгтгэж чадсан
Нүдийг чинь харсан навчис зүрхээ дарж унахдаа
Эрлэгийн элчийн таягны сондор мэт харцыг чинь хүний хэлээр дуу алдан бүхэнд илчилж
Ертөнцийн нууцыг тайлж мэдэх шаналанг өөрөөсөө харах болсон
Чамайг хараад л дурлачихсандаа үхжиж эхэлсэнээ үл мэдэх шувууд
Дурсгал болгож сормуусыг чинь сугалж аваад далавчиндаа залгачихсанаасаа хойш
Яаж дэвэхээ мэдэхгүй цонхыг минь мөргөчихсөнийг
Би хэнд ч хэлэхгүй хадгалсаар л байгаа
Чамайг харж ч чадахгүй ичингүйрэн зогсоход
Хайртай шоргоолжныхоо гуталны өсгийг хадаж суухдаа
Хайрын дуу аялаж байсан
Гуталчин шоргоолжны цогцосыг олж хараад
Гэрт нь буй гитарын утас хэрхэн зүрхээ сугалж онгоц хийгээд сар луу шидэхдээ
Нулимсаараа агаар дээр нуур бүтээж байсныг
Чи дэргэд минь байсан ч даанч мэдэрсэнгүй
Тэгээд л би бодож эхэлсэн
Үхэлд хайртай гэж хэлсэнээрээ л
Амьдралыг би өөртөө нэгтгэж чадсан

             
                                            2011.10.04

Friday, September 30, 2011

Дурсамж

Унтуулдаг тариагаа дутуу хийлгүүлчихсэн өвчтөн шиг намрын модод
Өвөөгийн минь эргэлтийн бууз шиг навчисаар дүүрсэн болохоор л
Навчсын шажигнах чимээ
Эмээг минь санагдуулдаг

Tuesday, August 16, 2011


Чулуу, чулуундаа дурлалцсан ч ойртож үл чадахдаа цурхиран уйлах мэт
Ганцаардлыг мэдрэхийг хүсэхдээ чулуунд гар хүрсэнээс хойш
Чулууны ганцаардал мэт сар гарч, шөнө болдог болсон
Халуун дурлалдаа шатсан залуухан чулууны цувны товч мэт бороо ороход
Зүрх биенээс минь гарч үсээ салхинд илбэн, алгаараа бороо тосож инээмсэглэхдээ хүртэл
Тайтгарлыг улам л чулуулгаар мэдрэх болсон . . .
Одоо дотор минь чулуун бичээч суугаад амьтай бүхэн рүү хуруугаа сунган тарчилахдаа
Зүрхийг минь мөрөөдлийнхөө самбарт өлгөөд зүрх болгож сийлэх юм гэнэ

Thursday, April 28, 2011

Нам гүмхэн байвал хүмүүс сонсох ч юм билүү ,, үгүй юм болов уу ,, яаж

Чимээ аниргүй хийлийн эгшиг уянгалуулдгаас
Чихээ айлгатлаа эд эс бүхнээрээ бархиран хашгирах минь хүртэл
Анир алдарсан нам гүмээс ч сул байнам
Ай ,, би яаж
Яааааж
Агаарт дасаж өгөхгүй байгаагаа
Ус уухдаа ч ухамсарлахгүй байна гэдгийг хүмүүст хэлэх вэ ?
Ай ,, би яаж
Яааааж

Monday, April 25, 2011

Зүгээр л ,,, Хаа нэгтээгээс ,,,

Хамаг эрхтэнээ ганц саргар модон дээр дүүжилж орхиод

Цаашаагаа юу бодож алхахыг хүмүүс мэддэг ч болоосой

Ганц саргар модны навчсын шуугиан сонсогдох чинь , , ,

Намайг дуудаа юм болов уу ?

Sunday, March 13, 2011

Чинийхээ нулимсан дотор , , ,

Чинийхээ нулимсан дотор орж завилаад ертөнцийг бясалгаваас

Ертөнц намайг бясалгаж буйг мэдэрлээ, мэдрэхдээ

Үсийг чинь үнэрлэсэн салхи анхилам үнэрээр нь агаар дээр үүр засахад

Болор өнгөтэй болжмор болж тэр үүрний хаалган дээр тэмдэг болгон

Далавчныхаа өдийг сугалаад ХАЙР гэж томоор бичлээ

Сэтгэл нь хөдөлсөн сар хэт тонгойж бүгдийг тод харах гэсэндээ тэнгэрээс унаж

Арай ядан зүүгдэж хоцорсон саргар модон дээрээ суугаад уйлахад

Нулимс нь

Яг нулимстай чинь ижилхэн байсан

Бүр гайхахдаа би нулимсыг чинь алган дээрээ тавиад харьцуулж үзтэл

Нулимсных нь хацар дээр яг чинийх шиг минь хоёр мэнгэ

Нягтлан харваас гараа хөтлөлцөн зогсоод

Сар гэж нүдийг минь амрагтаа шивнэхэд

Дуу хоолой нь сормуусанд минь илбэгдэж

Сарны үртэс бүтээгээд цэцгийн дэлбээн дээр гоёлын даашинз өмсгөхөд л

Чинийхээ нулимсан дотор орж завилаад ертөнцийг бясалгаваас
Ертөнц намайг бясалгаж буйг мэдэрлээ

Tuesday, March 1, 2011

Бүх гудамж, Бүх зам чам дээр л хүргэж өгөх юм , , ,

Зүрхэнд минь асах галанд бурхад сэм дулаацвал
Зүүний үзүүр дээрх буудай би өөрийгөө
Агшааж иднэ
           ,  ,  ,  ,           ,  ,  ,  ,         ,  ,  ,  ,
Чи биднийг холбосон гитарын утсан дээр
Хоёр болжмор ирж суугаад
Нэг нэгнийгээ мэндлэхийг хүлээж
Энд  лав  хоёр жил боллоо ( хөшөө ч тэдэн шиг ийм үнэмшилтэй хөшөө шиг зогсож чадахгүй)
Хэрвээ салхи л мөрөн дээрх тоосоо гөвөхдөө
Санаандгүй найтаачихсан бол
Тэр хоёр учиргүй ихээр үнсэлцэх байсан

Friday, February 25, 2011

ШИВЭЭСТЭЙ БҮСГҮЙН ХААЛГА

 Ертөнцийн хаалганы наана ер бусын өдрүүд үргэлжилж
Ердийн амьдралыг минь чимсэн шивээстэй бүсгүй чи
Ердөө ч надад хаалгаа тайлахаа болив. Орох хаалга энэ
Ертөнцөд олон боловч онцгой байсан юм чиний
Шивээстэй хаалга.Онгон залуу цогцосны амтанд

Шумуул адил шимтэн шунасан юм. Өнгөрчээ. Тэр
Хаалга бүрмөсөн хаагджээ. Өө. Тэгэвч
Хөх загалмайтай ялалтын хаалгыг би хөрсөн
Сэтгэл шиг чинь мартаж чадна. Янаглахуйн
Сэрэл болоод нууц эрдмийг яргуй адил залуу охинд
Яг чамд заасан шигээ зааж чадна. Шивээстэй бүсгүйн
Янагийн хаалганы тухай яруу шүлэг шивнэх болно. Түүнд.
Тэр үед шивээстэй бүсгүй юу хийж байх болоо?
Тэнгэр хараад л, од тоолоод л, үүл сонжоод л
Тэмдэглэлийн дэвтэртээ юу ч юм бичээд л, тамхиа татаад л
Тэгээд тэр ээжийгээ үгүйлж, аавыгаа зүхэж, ном уншиж
Ертөнцийн хаалганы цаана орших ер бусын
Ертөнцийн тухай ердийн нэгэнд хууч хөөрч байх биз ээ.
Шивээстэй бүсгүйтэй танилцахсан гэв үү? Хэрэггүй, хэрэггүй.
Шулам юм тэр, цус сорогч юм тэр, нүдийг чинь ухчихна
Шүү тэр. Надад ингэж бодох сайхан санагдсан ....
Шулам, цус сорогч, харалган болгогчидтой найзлахаа
... БИ БОЛЬСОН ...

Wednesday, February 16, 2011

Санамсаргүй

Бүх юмс санамсаргүйгээс эхэлдэг. Хорвоо ертөнц ч бас анхлан санамсаргүйгээс үүссэн байх л даа? Эртний домогт бүтээгч бурхад тэнгэрээр нисэж яваад санамсаргүй энд хүн бүтээсэн гэдэг биз дээ? Тэгээд анхны шүлгийг ч ойд зугаалж яваад Вильмаки-арш мөн л  санамсаргүй зохиосон гэдэг санагдана. Тэгэхээр яруу найраг ч бас санамсаргүйгээс бүтээгдсэн байна. Иймд уран зохиолыг ялимгүй өнгөц ойлголтоор тайлбарладаг үзлээр  ихэнх яруу найрагчид шүлгээ санамсаргүй л зохиодог гэдэгтэй санал нийлмээр ч юм шиг. Ширээнийхээ нүдэнд алим хийж, тааламжтай үнэрт нь шүлэг бичих, модод цэцэрлэг дундуур ганцаар удаан алхах, дур мэдэн ганцаардах, архи дарсыг торх саваар нь хүртэх, хий эзэнтэйгээ ярьж, түүнийхээ хэлснийг цаасан дээр тэмдэглэх, ная насандаа дурлаад арван наймт шиг гэгэлзэх, өмнө нь бичсэнээ бүгдийн шатаагаад дахин шинээр эхлэх гээд яруу найрагчдын амьдрал тэр чигээрээ ”санамсаргүй” дунд өнгөрдөг мэт санагдана. Нэг бодлын хамгийн сайхан амьдралаар тэд амьдарч, хамгийн ойлгомжтой замналаар замнаж байгаа хувь төгөлдөр хүмүүс билээ. Тиймээс л энэ замыг сонгох нь хүн бүхэнд санасан зоргоор олддог “боломж” бас биш хэмээдэг онолтой хүний ертөнцийн олонх хувь нь санал нийлдэг юм. Санал нийлээд ч зогсохгүй маш олон хүн эртхэн учир байдлаа ухаарч шүлэг зохиол бичих бүтэшгүй мөрөөдлөөсөө ухарч өөр зам мөрийг сонгодог нь сайхан хэрэг мөн. Тиймгүйсэн бол авьяасын тухай уран зохиолд ярихын ч хэрэг үгүй болох биз, ээ. Харин одоо хүртэл түүний /авьяасын/ тухай нухацтай ярьсаар байгаа нь “санамсаргүй” хэрэг огт биш билээ. Үнэндээ “Жүржийн амтат-Амьдрал” номыг зохиогчийн тухай ч бас энэ л авьяас хэмээгчийн хүрээнд  ярих  болж байгаа нь юутай сайханг юутай ч харьцуулашгүй юм.  Яагаад гэвэл авьяастай хүн уран зохиолд юугаар хэмжишгүй үнэтэй учраас… 
Санамсаргүй… 1
   Дэлгэрсайханы Сосорбарам хэмээх залуугийн шүлгүүдийг анх би “санамсаргүй” олж уншсан юм. Тэгээд л анхны сэтгэгдлээр шууд таалагдсан. Ердөө л “сэтгэлгээ” нь. Өвөрмөцөөр сэтгэж байна гэдэгт л авьяас байна гэсэн том ухагдахуун оршиж байдаг юм. Хэрэв авьяасыг ямар нэгэн зүйлтэй зүйрлэх шаардлага гарвал ямар ч эргэлзээгүйгээр би “нүдтэй зүйрлэхийг хүсдэг. Яагаад гэвэл авьяастай хүний “нүд” цаанаа өөр. Заримынх нь гялалзаж гялтагнасан нэг л онцгой байхад заримынх нь  зүгээр л нэг тийм нууцлаг гүн “гөлөөн” харцтай байх ч авьяасын нүдийг гаднаас нь хараад тодорхойлохын аргагүй  л дээ? Билгийн нүд энэ тэр гэдэгтэй ч холбоотой байж болох ч уран зохиолын авьяасын “нүд” түүнээс  арай өөр түвшнийх байдаг талтай. Энэ л үзлээрээ би Сосорбарамын шүлгүүдээс гайхалтай ажигч “нүд”-ийг олж харж байна. Аливаа юмс үзэгдлийг тогтсон зүй тогтлоос хачин ангид “эврээ хүлээсэн тэмээ мэт үүлс”,“яг цаана нь оршиж булангийн өрөөнд би байнга үхэж, удалгүй бүүвэйн дуунаар сэрдэг”,” миний зүрхний өрөөнд өвөл зун хоёр шударга ажилласаар байгаа” зэргээр “онцгой” нүдний харсан онцгой илэрхийллүүдийг жагсааж болно. Намраас үлдсэн ганц шар навчис өмнө нь хэний ч олж хараагүй байдлаар эргэлдэж, мөн хэний ч олж хараагүй газар унах, хэний ч олж хараагүй юмсын хэний ч олж харахгүй зүй тогтлыг харах хувь даанч цөөхөн хүнд харьяалагдах бөгөөд тэдний нэг нь Дэлгэрсайханы Сосорбарам мөн гэдгийг хэлэх зориг надад хангалттай байгаа нь хэлүүлэх хэмжээний төрмөл авьяас түүнд хангалттай буй  учраас… Харин авьяастай байна гэдэг уран зохиолд “санамсаргүй” явдал бас биш, ээ. Үнэндээ “Жүржийн амтат-Амьдрал” хэмээх энэ номноос:
 / Ялааны нүднээс ганцхан дусал нулимс унавал түүнийг нь бороо гэж нэрлээд…/
/Үүлний нүднээс унасан нулимсыг…/
/Сар эмгэний нүднээс зугтах туйлын хүсэлтэйнх… /
/Нүглийнхээ нүдийг гурилаар хуурах гэж…
Би гуриланд гараад/
/Салхины гэрэл мэт нүднийхээ нууцаас сансрын хязгаар луу шувуу шиг нисгэдэг/
/Би зовлонг нь харах атлаа нүд хальтрахгүй /
/Нүд минь хальтардаггүй гутал өмсөөд ер бусын алхана /
/Нүднээс минь унаад өвдөж амжаагүй байгаа
Шиврээ бороо юм байна/ гэсэн олон “нүднүүдийг” анзаарч болно. Тиймээс л “авьяас нүд” хэмээх энгийн томьёо минь Д.Сосорбарамд  илүү хамааралтай болохыг хэлэхийг хүссэн юм.

Санамсаргүй…2
  Ямар их эрч хүч,энерги,  ямар ч эмх замбааргүй байдлаар түүн дотор нэг үгээр түүний шүлгүүд дотор оршдог гэж санана. Бөөн бужигнаан. Тэгсэн мөртлөө зарим газар хачин найрсаг байдлаар эрэмблэгдсэн байхыг харахад дахиад л “авъяасын” тухай бодоход эрхгүй хүргэнэ. Нэг хоёр гурав гэж яваад гэнэт үсрээд зуун наян хоёр, зуун наян гурав гээд хаа хамаагүй үсэрч мэдэх Д.Сосорбарамын шүлгүүдийг одоохондоо энэ л “хүүхдэрхүү” чанараар нь тодорхойлж болно. Харин хэсэг хугацааны дараа эрэмблэгдсэн энерги яаж явган цэргийн жагсаал шиг жигдрээд босоод ирэхийг ирээдүйд бичих яруу найргаас нь харах л үлдэж байна. Гэхдээ нэг их удахгүй гэдгийг зөн совин минь надад шивнээд байна. Уг нь тэр /зөн совин минь/ намайг хуурдаггүй л юмсан гэсэн хачин бодол бодоход хүргэнэ. Зөн совиндоо найдсан бодлын дараагаар Монголыг тэжээдэг Эрдэнэт, тэнд суугаа Мандахсан багшийн тухай дахиад л халуун дотноор бодох, “Уран- Өд” дугуйлангийн тухай сайхан сэтгэгдэл өндийж ирнэ. ХХ зууны бүтээн байгуулалт гэхээсээ ХХ зууны Монголчуудын шинэ цус, Монголчуудын шинэ оюун санааны үүдэл ЭРДЭНЭТ.  Жинхэнэ хольцгүй үр хөврөл нь одоо энэ ХХI зууны залуус. Хамгийн сайхан нь тэр шинэ үр хөврөл дунд утга зохиолд нэгэн насаар үнэнч зүтгэсэн өвгөн багш Мандахсан сууж Сосорбарам шиг шинэ содон “нүдтэй” залуусыг уран зохиолд бэлтгэж, эрдэм номын алсын замд үдэж байна. Үүнээс илүү буянг би хувьдаа мэдэхгүй. Уран зохиолын “Хөх мэдрэхүй” бүлгийн Мягмарсүрэнгийн .Хангалын анхны номны ард “Уран-Өд”-ийн тогоонд чанагдав” гэсэн ганцхан үгүүлбэр байдаг нь  Д.Сосорбарамд ч бас дэндүү хамаатай. Тэр ч бас Уран-Өд-ийн тогоонд чанагдаж, Улаанбаатарт уран зохиолч болохоор ирээд үеийн хэдэн нөхдийн хамт “Шинэ үнэр” бүлгийг үүсгэн байгуулжээ. Энэ бүхэн ч бас “санамсаргүй” хэрэг явдлууд мэт боловч цаанаасаа өгөгдсөн дэгээр л болж буй гэж хааяа бодоход хүргэнэ. Хорвоо бүхэлдээ эргэлзээгээр дүүрсэн юм шиг санамсаргүй санагдах нь ч санамсаргүй явдал, аа…
Санамсаргүй …3
  “Үүлний нүднээс унасан нулимсыг
   Өлмий дороо гишгэж алхахад
 Үнэн хийгээд худал
 Газар хийгээд тэнгэрийн хооронд
 Ганц хурууны ч зай байхгүй /Д.Сосорбарам “Үүлний нүднээс унасан нулимс” /

 Санамсаргүй ийм л мөрүүдийг олж уншаад яруу найргийг арай илүү гадарладаг хэн ч болов баярлан дуу алдах болно. Үгүй бол хэтэрхий гадаад шүлэгтэй гэсэн хачин тодорхойлолт ч өгч болох юм. Гадаад их явж, галуу тахианы мах идэж, юм үзэж, нүд тайлсан л гэдэг болохоос биш монгол нутагт сууж, монгол хэлээр, монгол соёлын, монгол сэтгэлгээний төвд  “гадаад” шүлэг бичсэн гэж бодохоор үнэмшихэд үнэндээ хэцүү байдаг юм. Ямар ч байсан шинэ зууны Монгол яруу найргийн өнгө төрх, ухаарал, гүн сэтгэлгээ. Зөвхөн Сосорбарамд хамааруулж бус түүний үеийхний нийтлэг хандлага яруу найрагт  сэтгэлгээг илүү чухалчлах болчихоод байна. Түүний илрэл нь :
Гэтэл би яагаад ч юм тэр нулимсны дэргэд очоод  мөрөн дээр нь алгадан
Гүн санааширал руугаа хуруу зааж
Тэрийг хар даа
Тэнд бурхан байдаг  гэж хэлээд /Д.Сосорбарам” Удган модны мөчир дээр суугаа өвгөн шувуу” / гэсэн дөрвөн мөр шүлгээс л харагдаж байна. Би нулимсны дэргэд очоод нөхөрсөгөөр мөрөн дээр нь алгадан, гүн санаашрал руугаа хуруу зааж, бурхан санаашрал дунд амьдардаг зэргээр  гүн ухааны гарвалаараа хэн нэгнээс өөрийнхөө “Би”-г олж харах гэсэн коммуникаци илэрч байгаа биз. Энэ бүхнээс гадна ” Нүцгэрэгч моддын доор бурхдын сүнс навчаар хувцаслаж”,” Удган модны хэнд ч хэрэггүй өргөмөл  навчыг хэмлэн суух шоргоолжны ганцаардалаас ч”,”Шал нойтон биеэ чирээд хув хуурай инээд алдсан”,” Салхинд цохиулсан гэрэлт цох мэт сэвхтэй сарыг шоолж инээх төдийд л” зэрэг олон шүлгээс гоо зүйн өвөрмөц мэдрэмжүүдийг тодорхой харж болно. 
Санамсаргүй…4
  Бодот байдалд “амьдрал жүржийн амттай” боловч “бүтээлч” ёс суртахуун түүнээс ондоо “санамсаргүй” хүчинд захирагдаж байх шиг  санагдаад, шүлэг бичих яруу найрагчаас хачин их хамааралтай ч хамааралгүй мэт бодогдоод, бодгаль оршихуй, далдын хүчтэй холбогдох нь инээдтэй явдал гэж Кант шиг шүүмжилмээр байвал та Д.Сосорбарамын шүлгүүдийг уншсан хэрэг. Тиймгүйсэн бол таньд ийм бодлууд төрөхгүй байхсан. Хэрэв “Жүржийн амтат-Амьдрал” номыг уншаагүй атал ийм бодлууд дотроос чинь төрсөн бол шүлэг бичиж эхлэхэд юун буруу байх вэ? Минийхээр “нүдтэй” бол…

Зүгээр л Пүрэвхүүгийн Батхуяг 
                                                                                          
Дэлхийн дууны өдөрт зориулан бичив, ээ
                                                                2010.05.14