Saturday, January 28, 2012

Чамайг хүлээсэн гурван өдөр


Чамайг хүлээсэн гурван өдөр гурван зуун жил шиг удаан болохоор
Би одоо гурван зуун хорин настай
Гудамжаар алхаж яваа хос залуусыг харахад
Доголон нулимс минь таягтай санаа алддаг ч залуухан салхи түшээд л явчихдаг
Домог болсон нүдээрээ тэднийг адислахад үрчлээтэй дух мэт гуниг минь сургаал хэлдэг
Үхэх цаг минь болжээ гэж зүрх салганан уйлахад чи ирсэн ч
Чи ирлээ гээд цаг хугацаа ухрахгүй
Хацрыг минь илэх гарыг чинь үнсэх оройтсон
Агаараас хөгжим гаргаж чамд ая сонсгох ид шид минь ч замхран арилсан учраас
Өвөө нь одоо охиндоо үлгэр ярьж өгье
Эртээ урьд цагт нэгэн залуу хүү ухаангүй дурлаад өвгөн болчихжээ ,,,

Tuesday, January 3, 2012

Ердөө л агаар


Шилэн нүдтэй чиний ертөнцөд цонх бол ердөө л агаар
Агаар бол ердөө л агаар
Бас хоосрол
Сормуусан дээр чинь унах цасыг аажууханаар гартаа атгаад
уруул руу чинь үлээхэд
Будрах цасан бүгдээрээ л урууланд чинь хувирч бүхий л дэлхийг
Чиний өмнөөс энхрийлэн үнсэж байхад ч
Юу ч болоогүй мэт
Үнсэлт бол ердөө л агаар
Агаар бол ердөө л агаар гэж инээмсэглэн хэлж чадах
Чиний ертөнцөд, би ч бас ердөө л агаар байжээ
Шаналант агаар болохыг шаналан хүсэгч ердөө л агаар байжээ

Tuesday, December 20, 2011

С.Начин: Ер нь яруу найраг гэдэг өөрөө хорвоо ертөнцийг таних, таниснаа бусдад хэн нэгэнд мэдрүүлэх агуу урлаг юм аа.


Энэ жилийн “Болор цом”-ын хамгийн залуу яруу найрагч тодотголтой оролцсон С.Начинтай “Болор цом”-ын болоод яруу найргийн талаар ярилцлаа. Тэрээр өнгөрсөн жил 19 настайдаа “Болор цом”-д шүлгээ өгсөн боловч тэнцээгүй. Харин энэ жил 180 гаруй найрагчаас 38-д үлдэн дараагийн шатанд оролцох эрхээ авсан юм. Мөн өнгөрсөн жилийн “Цагаан уул” хайрын шүлгийн уралдааны тэргүүн байрын шагналтай.


- Өөрийгөө юуны өмнө товч танилцуулна уу? Хэзээнээс яруу найргийн гэр бүлд оров?
- Намайг Сайнжаргалын Начин гэдэг. Улаанбаатар хотын жирийн нэгэн дүүрэг төмөр замд миний бага нас өнгөрсөн. Тэнд мэдээ орохоос л сонсогдсон дуу бол галт тэрэгний дуут бүрээ байсан. Түүнийг сонсоод л нэг мэдэхэд яруу найргийн галт тэргэнд суучихсан байх гэж боддог. Бас удамшина гэж ярьдаг даа. Тэрэн шиг удмын юм байгаа байх. Манай өвөө Д.Оросоо насаараа сэтгүүл зүйд зүтгэсэн. “Хөдөлмөр” сонин, “Тоншуул” сэтгүүлд ажилладаг байсан.


- “Болор цом”-ын хамгийн залуу оролцогч болсонд баяр хүргэе.
- “Болор цом” наадамд энэ жил залуу яруу найрагч гэсэн тодотголтой орох сайхан байсан. Баярлалаа.


- Ийм залуудаа яруу найргийн тэргүүн тэмцээнд орох бодол, зориг хэзээ, яаж гарав?
- Ер нь яруу найраг гэдэг өөрөө хорвоо ертөнцийг таних, таниснаа бусдад хэн нэгэнд мэдрүүлэх агуу урлаг юм аа. Тиймээс үе үеийн яруу найрагчдийн дуу хоолой эгшиглэнт охин тэнгэр “Янжинлхам”-ын мутард хүрсээр ирсэн. Тиймээс л “Болор цом”-д 2 дахь жилдээ бүтээлээ өгөөд тэнцсэн.


- 180 гаруй найрагчаас эхний шатанд 38 нь тэнцсэн. Тэнцсэн гэдгээ мэдээд ямар сэтгэгдэл төрж байв, залуу хүний хувьд чамгүй амжилт шүү...
- Мэдээж сайхан санагдалгүй яахав. Уран бүтээлч хүн жилийнхээ хөдөлмөрийг шалгуулна гэдэг том даваа. Сэтгэл их өндөр байсан.


- Ямар шүлгээрээ эхний шатанд тэнцсэн бэ?
- Энэ жил бичсэн “Байгаль нүдний өмнө” гэдэг шүлгээрээ тэнцсэн. Дараагийн шатанд “Яруу алдрын эрхэмсэг титмийг” гэдэг шүлгээ уншсан.


- Анх удаа “Болор цом”-ын хүндтэй тайзан дээр гарахад сандарсан уу, ямар байна?
- Эхлээд гарахад сандарч л байсан. Тэгээд эхний хоёр мөрөө уншингаа үзэгчид рүү хартал миний багш утга зохиол шүүмж, судлаач ШУ-ны доктор Д.Галбаатар өөдөөс инээхэд нь их урам орсон. Энэ завшаанийг ашиглаад МУИС-ын утга зохиолын хамт олондоо 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

- Та өнгөрсөн жил “Болор цом”-ын дараагаар ордог “Цагаан уул” хайрын шүлгийн уралдаанд түрүүлсэн. Тэгвэл энэ 2 тэмцээний ялгаа юундаа байна?
- “Цагаан уул” бол хайрын шүлгийн наадам. Энэ наадамд хоёр жил үе тэнгийн найрагчидтайгаа өрсөлдөж байж авсан. Залуучуудын хайрыг мэдрэх, мэдрүүлэх бас уран бүтээлийг нь олон нийтэд таниулах наадам. Харин “Болор цом” бол ард түмнийг уран бүтээлчидтэй уулзуулдаг, жилдээ нэг болдог 1984 оноос хойш зохиогдож ирсэн уламжлалт том наадам.


- Тэгвэл таны бодлоор энэ жилийн “Болор цом” тохирох эзэндээ очиж чадсан уу?
- Миний хувьд урд урдны жилүүдийг бодвол харьцангуй сайн шүлгүүд уншигдсан. Тохирох эзэндээ очсон гэж бодож байна. Урд нь “Болор цом”-ын эзэн болж байсан 2 найрагч байсан ч битүү морь түрүүлчихсэн. Их зөв. “Болор цом”-ын эзэн маань “Цагаан уул”-ын эзэн мөн болж байсан.

- Зарим хүмүүс Архангайн найрагч учраас Д.Болдхуяг бараг авах нь тодорхой байсан гэж ярих юм?
- Архангайтай холбоотой ч Архангайн гурван найрагч тэмцээнд оролцсон. Гэвч аваагүй. Харин тогтсон тодотголыг эвдсэн нь бусдад ч таатай байсан байх.


- Мөн цомын эзэн аль жилийн өмнө яригдаад тодорчихсон байдаг гэсэн. Энэ талаар?
- Тийм зүйл яригддаг л юм. Гэхдээ олны яриа оргүй гэдэг. Миний хувьд тэрийг нэг их судлаад, асуугаад явахыг хүсдэггүй.


- Тэгвэл Д.Болдхуягийн шүлгүүд ямар онцлог, давуу талтай вэ?
- Яг үнэнийг хэлэхэд Д.Болдхуяг найрагч уламжлалыг барьсан, хуучин сэтгэлгээтэй шүлгүүд уншсан. Харин хоёрын даваанд уншсан “Үхэл” гэсэн шүлэг нь нилээн шинэлэг болсон байсан.


- “Болор цом”-д маш олон жил оролцсон ч түрүүлээгүй хүмүүс байдаг. Гэтэл зарим нь 2, 3-хан жил ороод л түрүүлчих юм. Энэ юутай холбоотой юм бол?
- Ерөнхийдөө бас тухайн хүнд өгөгдсөн өгөгдөл, аз, од тухайн өдрөө мэдэрч шүлгээ унших зэрэг нь их нөлөөлнө л дөө. Жишээлбэл энэ жилийн цомын эзэнтэй ярьж суухад 4 дэх жилдээ орж байна гэсэн. Гэтэл 29 удаа болсон цомын 25-д нь СГЗ Ш.Гүрбазар уралдаад авч чадаагүй. Сүүлдээ зодог тайлсан шүү дээ.


- Дараагийн “Болор цом”-д оролцох уу?
- Бодсон юм алга. Ямар ч байсан яруу найргаас салж чадахааргүй болсон болохоор орох л байх.


- Цомын эзэн болон болтлоо юу?
- Өөрийн чадах чинээгээрээ чамбай сайнхан шүлгүүдээрээ оролцох болно. Тэгээд нэг сайхан өдөр хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж найз нартайгаа найрлана даа.
- Ерөөл бат оршиг. Тэгвэл энэ жилийн цомд сойсон шүлгүүдээсээ аль нэгийг нь уншиж сонирхуулаач.

- Хэт гүнзгий нөлөөлөлд автаж
Яруу найрагт дурласнаас хойш
Хэнэггүй гэнэ гэнэхэн цохилох цагийн зүүг
Яв цав зүрхээрээ мэдэрч
Амьдрах хийгээд үхэх 2 ямарч ялгаагүйг
Амьсгалынхаа чимээнээс олж цочиход
Гунин гэгэлзэхэд угтаа гэгээрэл болдогийг
Дурлуулж ханадаггүй хаврын охидын
Гэрэлт туяхан шилбэнээс цацрах өнгөнд цохиулж
Дотоод хүнтэйгээ тэрсэлдэн маргалдахдаа
Судал бүртээ нэгэн цагт шархдахдаа мэдэхгүй
Навчсын зөнд атаархан
Суунаглан буй утаагүй тосгоны
Нэгэн хэвийн уйтгарт автаж
Цохилох зүрхнийхээ шигшрэн гүйх дусао цусанд
Цоож цуургагүй хамаг нууцаа дэлгээд
Доромжлол мэт цаг хугацааг сөрж алхахад
Хяхтнан онгойх хаалганы завсраас
Хэн нэгэн өнгийх шиг
Өнгөрөн одсон дурсамж бүхний эхлэлээс
Гүн их эмзэглэл төрхийн төдийд
Өмөрч хоосорсон цээжний ховдол
Гэнэт сэрээд цамнахад
Сэрдхийтэл дэвэх сүрэг тагтааны хүчирхэг эрчилсэн давалгаанд
Солгой эгшгийг өөртөө ботилж
Хоног өдрийн уртад аман дотроо бувтнахад
Хамгийн ойрын хүсэл аньсага үнэрлэн сэрээх нь
Хөх тэнгэрийн эрчлээ
                                                                                                           Б.Хуяг

Saturday, December 17, 2011

Зүүднийхээ гэгээн дурсгалд зориулав.


Чиний зүүдийг зүүдэлтлээ зүрхний чинь хэмнэлээр цагаа тааруулж амьдарсаар
Зүүд чинь болчихжээ би
Үнсэлт чинь л намайг эндээс татаж чадах боловч эсрэгээрээ чи миний зүүдрүү уначих болохоор
Уруулаа би усны мандал дээр тавиад аажмаар живэхийг нь навчин дээр зурж зогсохдоо
Ухаангүй уйлсан ч, цуурай нь инээмсэглэж буй төрхийг чинь хадан дээр сийлчихээд
Цэцгийн дэлбээн дээр гарыг чинь зураад атгахад хүртэл
Чиний гар гэж эндүүрмээр булбарай арьсыг чинь салхины үсийг илбүүлж мэдэрүүлэхэд л
Зүүдний чинь ертөнцийг судлахаар өндийн боссон ,,,
Зүүдэнд чинь ганцаардлын галт бамбар
Ганцхан дусал нь галын дөл дээр цэцэг ургуулаад
Дэлхийг нь бүхлээр нь мансууруулах хар тамхи мэт мөнхийн усаар дүүрсэн шидэт лонх байдаг
Зүүдрүү чинь уначихсан цасны ширхэг даарсандаа дагжин чичрэх нь хүртэл
Ганцаардагчдын ертөнцийн хамгийн дээд өнгийг тэнгэрлүү илгээдэгч
Тэндээ царцаж сэтгэлийн минь хэлбэрийг олоод мөс болон газарт бутардаг
Зүрхээ хайсан хүмүүс зүрхийг минь сугалж аваад минийх гэж шүүхийн тавцан дээр хашгирдаг ч
Зүүдэнд чинь би бүхий л биеэрээ чиний төлөө зүрх мэт цохилдог болохоор тийм өчүүхэн зүрхийг
Заргалдаж суух зав надад байдаггүй
Хэзээ нэгэн цагт нууцат ертөнцийг чинь тайлж дуусчихаад сахлаа имрэхдээ
Хөгширсөнөө сая л анзаарлаа гээд хүрч чадашгүй хамгийн хол цэг гэж нүдийг чинь тэмдэглэхэд
Зүүдний чинь хаврын тэнгэрээс нүд мэт цасан будрах ёстойг би мэднэ
Зүүд чинь болчихжээ би , , ,

Thursday, December 1, 2011

Амьдрал бол яагаад ч амьдрал байж таарахгүй ,,,


Амьдрал бол амьдрал биш амьд арал
Арал ч бас биш
Амьд арал дээрх моддын зүүд хэрхэн эхлэж хэрхэн төгсөхийг нь судлах ёстой
Мэдээлэл цуглуулагч навчны найруулгын алдаагүй өгүүлбэр хэлэх урууланд сэлэгчдийн
Баруун гарны даллалт бол цас харин зүүн нь бороо болдог
Тэдгээр цас, борооны ширхэгүүдээс суллагдах
Ердөө л хэний ч нүдэнд үзэгдэггүй сүнснүүдийн үхэл бас төрөлт, сүнсний сүнс
бол амьдрал
Хэний ч санаанд оромгүй дүрснүүдийг эвлүүлчихээд хүн болгодог барималчин эрийн
Духны үрчлээсээр дүүрэн ганцаардалаар цэнэглэгдсэн сар
Гудамжаар хэний ч санаанд оромгүй дүрс шөнөжин хайж хоноод
Маргааш нь эвлүүлж хүн болгохоор барималчны хаалгыг тогшиход
Чимээ нь агаарт замхрах мөч бол амьдрал
Тэр барималчин эрийн зүүд нойр, хүсэл мөрөөдөлийн зүрхний зүүн буланд л бүтээгддэг
Хүнд шилжүүлжэн суулгах боломжтой шавар зүрхнүүдийг гартаа атгаад инээмсэглэх эмчийн
Нүднийх нь өмнө шавар эрвээхэй үүсээд
Өрөөгөөр нэг нисээд л байх боломжгүй хувилбар бол амьдрал
Болох болохгүйн хязгаар дээр тэмдэг тавьсан бурхны бодоод ч олохгүй байгаа
Бодомжуудаар арьсаа бүрсэн үл үзэгдэгч сүнснүүдийн үхэл бас төрөлт, сүнсний сүнс бол амьдрал
Гэхдээ л
Амьдрал бол яагаад ч амьдрал байж таарахгүй ,,,


http://www.youtube.com/watch?v=AsvghWahPOs

Tuesday, November 22, 2011

Чиний гунигийн хэлтэрхий ,,,

Чиний гунигийн хэлтэрхий алган дээр минь хийсч ирэхэд зүрхрүүгээ хумигдаж ороод
Ганцаардлынхаа далайн эрэг дээрх
Элс бүхнийх нь зүрх чиний төлөө цохилоход л нэгэн найрал эгшиглэдэг
Элсээр бүтээсэн гэрэлт цамхаг доторх нүдийг чинь зурж тайтгардаг цонхныхоо дэргэд
Дурлалд минь зориулж ертөнц надад хөгжимдөх лимбэний 2дох нүхэн дээр зогсчихоод
Сэтгэлээ бахардтал харайж гуниглахад,
Хаалганы завсраар салхи орж ирээд уруулыг минь шүргэн гэгээрэлд хүрнэ
Чиний гунигийн хэлтэрхий ч салхисыг гэгээрэлд хүргэнэ

Tuesday, October 4, 2011

Тэгээд л би , , ,


Зөрж ургасан хоёр мод адил хүмүүсийн сэтгэл хийгээд тархины дүүжлүүрэн сандал дээр суугаад
Сарыг гартаа атгаж цэцэг хэмээн итгэтлээ үнэрлэсэн
Чиний гарыг л үнэрлэсэн байсан
Тэгээд л бодож эхэлсэн
Үхэлтэй ах дүүгийн барилдлагатай амьдралд хайртай гэж хэлсэнээрээ
Үхлийг ч өөртөө нэгтгэж чадсан
Нүдийг чинь харсан навчис зүрхээ дарж унахдаа
Эрлэгийн элчийн таягны сондор мэт харцыг чинь хүний хэлээр дуу алдан бүхэнд илчилж
Ертөнцийн нууцыг тайлж мэдэх шаналанг өөрөөсөө харах болсон
Чамайг хараад л дурлачихсандаа үхжиж эхэлсэнээ үл мэдэх шувууд
Дурсгал болгож сормуусыг чинь сугалж аваад далавчиндаа залгачихсанаасаа хойш
Яаж дэвэхээ мэдэхгүй цонхыг минь мөргөчихсөнийг
Би хэнд ч хэлэхгүй хадгалсаар л байгаа
Чамайг харж ч чадахгүй ичингүйрэн зогсоход
Хайртай шоргоолжныхоо гуталны өсгийг хадаж суухдаа
Хайрын дуу аялаж байсан
Гуталчин шоргоолжны цогцосыг олж хараад
Гэрт нь буй гитарын утас хэрхэн зүрхээ сугалж онгоц хийгээд сар луу шидэхдээ
Нулимсаараа агаар дээр нуур бүтээж байсныг
Чи дэргэд минь байсан ч даанч мэдэрсэнгүй
Тэгээд л би бодож эхэлсэн
Үхэлд хайртай гэж хэлсэнээрээ л
Амьдралыг би өөртөө нэгтгэж чадсан

             
                                            2011.10.04