Wednesday, February 16, 2011

Санамсаргүй

Бүх юмс санамсаргүйгээс эхэлдэг. Хорвоо ертөнц ч бас анхлан санамсаргүйгээс үүссэн байх л даа? Эртний домогт бүтээгч бурхад тэнгэрээр нисэж яваад санамсаргүй энд хүн бүтээсэн гэдэг биз дээ? Тэгээд анхны шүлгийг ч ойд зугаалж яваад Вильмаки-арш мөн л  санамсаргүй зохиосон гэдэг санагдана. Тэгэхээр яруу найраг ч бас санамсаргүйгээс бүтээгдсэн байна. Иймд уран зохиолыг ялимгүй өнгөц ойлголтоор тайлбарладаг үзлээр  ихэнх яруу найрагчид шүлгээ санамсаргүй л зохиодог гэдэгтэй санал нийлмээр ч юм шиг. Ширээнийхээ нүдэнд алим хийж, тааламжтай үнэрт нь шүлэг бичих, модод цэцэрлэг дундуур ганцаар удаан алхах, дур мэдэн ганцаардах, архи дарсыг торх саваар нь хүртэх, хий эзэнтэйгээ ярьж, түүнийхээ хэлснийг цаасан дээр тэмдэглэх, ная насандаа дурлаад арван наймт шиг гэгэлзэх, өмнө нь бичсэнээ бүгдийн шатаагаад дахин шинээр эхлэх гээд яруу найрагчдын амьдрал тэр чигээрээ ”санамсаргүй” дунд өнгөрдөг мэт санагдана. Нэг бодлын хамгийн сайхан амьдралаар тэд амьдарч, хамгийн ойлгомжтой замналаар замнаж байгаа хувь төгөлдөр хүмүүс билээ. Тиймээс л энэ замыг сонгох нь хүн бүхэнд санасан зоргоор олддог “боломж” бас биш хэмээдэг онолтой хүний ертөнцийн олонх хувь нь санал нийлдэг юм. Санал нийлээд ч зогсохгүй маш олон хүн эртхэн учир байдлаа ухаарч шүлэг зохиол бичих бүтэшгүй мөрөөдлөөсөө ухарч өөр зам мөрийг сонгодог нь сайхан хэрэг мөн. Тиймгүйсэн бол авьяасын тухай уран зохиолд ярихын ч хэрэг үгүй болох биз, ээ. Харин одоо хүртэл түүний /авьяасын/ тухай нухацтай ярьсаар байгаа нь “санамсаргүй” хэрэг огт биш билээ. Үнэндээ “Жүржийн амтат-Амьдрал” номыг зохиогчийн тухай ч бас энэ л авьяас хэмээгчийн хүрээнд  ярих  болж байгаа нь юутай сайханг юутай ч харьцуулашгүй юм.  Яагаад гэвэл авьяастай хүн уран зохиолд юугаар хэмжишгүй үнэтэй учраас… 
Санамсаргүй… 1
   Дэлгэрсайханы Сосорбарам хэмээх залуугийн шүлгүүдийг анх би “санамсаргүй” олж уншсан юм. Тэгээд л анхны сэтгэгдлээр шууд таалагдсан. Ердөө л “сэтгэлгээ” нь. Өвөрмөцөөр сэтгэж байна гэдэгт л авьяас байна гэсэн том ухагдахуун оршиж байдаг юм. Хэрэв авьяасыг ямар нэгэн зүйлтэй зүйрлэх шаардлага гарвал ямар ч эргэлзээгүйгээр би “нүдтэй зүйрлэхийг хүсдэг. Яагаад гэвэл авьяастай хүний “нүд” цаанаа өөр. Заримынх нь гялалзаж гялтагнасан нэг л онцгой байхад заримынх нь  зүгээр л нэг тийм нууцлаг гүн “гөлөөн” харцтай байх ч авьяасын нүдийг гаднаас нь хараад тодорхойлохын аргагүй  л дээ? Билгийн нүд энэ тэр гэдэгтэй ч холбоотой байж болох ч уран зохиолын авьяасын “нүд” түүнээс  арай өөр түвшнийх байдаг талтай. Энэ л үзлээрээ би Сосорбарамын шүлгүүдээс гайхалтай ажигч “нүд”-ийг олж харж байна. Аливаа юмс үзэгдлийг тогтсон зүй тогтлоос хачин ангид “эврээ хүлээсэн тэмээ мэт үүлс”,“яг цаана нь оршиж булангийн өрөөнд би байнга үхэж, удалгүй бүүвэйн дуунаар сэрдэг”,” миний зүрхний өрөөнд өвөл зун хоёр шударга ажилласаар байгаа” зэргээр “онцгой” нүдний харсан онцгой илэрхийллүүдийг жагсааж болно. Намраас үлдсэн ганц шар навчис өмнө нь хэний ч олж хараагүй байдлаар эргэлдэж, мөн хэний ч олж хараагүй газар унах, хэний ч олж хараагүй юмсын хэний ч олж харахгүй зүй тогтлыг харах хувь даанч цөөхөн хүнд харьяалагдах бөгөөд тэдний нэг нь Дэлгэрсайханы Сосорбарам мөн гэдгийг хэлэх зориг надад хангалттай байгаа нь хэлүүлэх хэмжээний төрмөл авьяас түүнд хангалттай буй  учраас… Харин авьяастай байна гэдэг уран зохиолд “санамсаргүй” явдал бас биш, ээ. Үнэндээ “Жүржийн амтат-Амьдрал” хэмээх энэ номноос:
 / Ялааны нүднээс ганцхан дусал нулимс унавал түүнийг нь бороо гэж нэрлээд…/
/Үүлний нүднээс унасан нулимсыг…/
/Сар эмгэний нүднээс зугтах туйлын хүсэлтэйнх… /
/Нүглийнхээ нүдийг гурилаар хуурах гэж…
Би гуриланд гараад/
/Салхины гэрэл мэт нүднийхээ нууцаас сансрын хязгаар луу шувуу шиг нисгэдэг/
/Би зовлонг нь харах атлаа нүд хальтрахгүй /
/Нүд минь хальтардаггүй гутал өмсөөд ер бусын алхана /
/Нүднээс минь унаад өвдөж амжаагүй байгаа
Шиврээ бороо юм байна/ гэсэн олон “нүднүүдийг” анзаарч болно. Тиймээс л “авьяас нүд” хэмээх энгийн томьёо минь Д.Сосорбарамд  илүү хамааралтай болохыг хэлэхийг хүссэн юм.

Санамсаргүй…2
  Ямар их эрч хүч,энерги,  ямар ч эмх замбааргүй байдлаар түүн дотор нэг үгээр түүний шүлгүүд дотор оршдог гэж санана. Бөөн бужигнаан. Тэгсэн мөртлөө зарим газар хачин найрсаг байдлаар эрэмблэгдсэн байхыг харахад дахиад л “авъяасын” тухай бодоход эрхгүй хүргэнэ. Нэг хоёр гурав гэж яваад гэнэт үсрээд зуун наян хоёр, зуун наян гурав гээд хаа хамаагүй үсэрч мэдэх Д.Сосорбарамын шүлгүүдийг одоохондоо энэ л “хүүхдэрхүү” чанараар нь тодорхойлж болно. Харин хэсэг хугацааны дараа эрэмблэгдсэн энерги яаж явган цэргийн жагсаал шиг жигдрээд босоод ирэхийг ирээдүйд бичих яруу найргаас нь харах л үлдэж байна. Гэхдээ нэг их удахгүй гэдгийг зөн совин минь надад шивнээд байна. Уг нь тэр /зөн совин минь/ намайг хуурдаггүй л юмсан гэсэн хачин бодол бодоход хүргэнэ. Зөн совиндоо найдсан бодлын дараагаар Монголыг тэжээдэг Эрдэнэт, тэнд суугаа Мандахсан багшийн тухай дахиад л халуун дотноор бодох, “Уран- Өд” дугуйлангийн тухай сайхан сэтгэгдэл өндийж ирнэ. ХХ зууны бүтээн байгуулалт гэхээсээ ХХ зууны Монголчуудын шинэ цус, Монголчуудын шинэ оюун санааны үүдэл ЭРДЭНЭТ.  Жинхэнэ хольцгүй үр хөврөл нь одоо энэ ХХI зууны залуус. Хамгийн сайхан нь тэр шинэ үр хөврөл дунд утга зохиолд нэгэн насаар үнэнч зүтгэсэн өвгөн багш Мандахсан сууж Сосорбарам шиг шинэ содон “нүдтэй” залуусыг уран зохиолд бэлтгэж, эрдэм номын алсын замд үдэж байна. Үүнээс илүү буянг би хувьдаа мэдэхгүй. Уран зохиолын “Хөх мэдрэхүй” бүлгийн Мягмарсүрэнгийн .Хангалын анхны номны ард “Уран-Өд”-ийн тогоонд чанагдав” гэсэн ганцхан үгүүлбэр байдаг нь  Д.Сосорбарамд ч бас дэндүү хамаатай. Тэр ч бас Уран-Өд-ийн тогоонд чанагдаж, Улаанбаатарт уран зохиолч болохоор ирээд үеийн хэдэн нөхдийн хамт “Шинэ үнэр” бүлгийг үүсгэн байгуулжээ. Энэ бүхэн ч бас “санамсаргүй” хэрэг явдлууд мэт боловч цаанаасаа өгөгдсөн дэгээр л болж буй гэж хааяа бодоход хүргэнэ. Хорвоо бүхэлдээ эргэлзээгээр дүүрсэн юм шиг санамсаргүй санагдах нь ч санамсаргүй явдал, аа…
Санамсаргүй …3
  “Үүлний нүднээс унасан нулимсыг
   Өлмий дороо гишгэж алхахад
 Үнэн хийгээд худал
 Газар хийгээд тэнгэрийн хооронд
 Ганц хурууны ч зай байхгүй /Д.Сосорбарам “Үүлний нүднээс унасан нулимс” /

 Санамсаргүй ийм л мөрүүдийг олж уншаад яруу найргийг арай илүү гадарладаг хэн ч болов баярлан дуу алдах болно. Үгүй бол хэтэрхий гадаад шүлэгтэй гэсэн хачин тодорхойлолт ч өгч болох юм. Гадаад их явж, галуу тахианы мах идэж, юм үзэж, нүд тайлсан л гэдэг болохоос биш монгол нутагт сууж, монгол хэлээр, монгол соёлын, монгол сэтгэлгээний төвд  “гадаад” шүлэг бичсэн гэж бодохоор үнэмшихэд үнэндээ хэцүү байдаг юм. Ямар ч байсан шинэ зууны Монгол яруу найргийн өнгө төрх, ухаарал, гүн сэтгэлгээ. Зөвхөн Сосорбарамд хамааруулж бус түүний үеийхний нийтлэг хандлага яруу найрагт  сэтгэлгээг илүү чухалчлах болчихоод байна. Түүний илрэл нь :
Гэтэл би яагаад ч юм тэр нулимсны дэргэд очоод  мөрөн дээр нь алгадан
Гүн санааширал руугаа хуруу зааж
Тэрийг хар даа
Тэнд бурхан байдаг  гэж хэлээд /Д.Сосорбарам” Удган модны мөчир дээр суугаа өвгөн шувуу” / гэсэн дөрвөн мөр шүлгээс л харагдаж байна. Би нулимсны дэргэд очоод нөхөрсөгөөр мөрөн дээр нь алгадан, гүн санаашрал руугаа хуруу зааж, бурхан санаашрал дунд амьдардаг зэргээр  гүн ухааны гарвалаараа хэн нэгнээс өөрийнхөө “Би”-г олж харах гэсэн коммуникаци илэрч байгаа биз. Энэ бүхнээс гадна ” Нүцгэрэгч моддын доор бурхдын сүнс навчаар хувцаслаж”,” Удган модны хэнд ч хэрэггүй өргөмөл  навчыг хэмлэн суух шоргоолжны ганцаардалаас ч”,”Шал нойтон биеэ чирээд хув хуурай инээд алдсан”,” Салхинд цохиулсан гэрэлт цох мэт сэвхтэй сарыг шоолж инээх төдийд л” зэрэг олон шүлгээс гоо зүйн өвөрмөц мэдрэмжүүдийг тодорхой харж болно. 
Санамсаргүй…4
  Бодот байдалд “амьдрал жүржийн амттай” боловч “бүтээлч” ёс суртахуун түүнээс ондоо “санамсаргүй” хүчинд захирагдаж байх шиг  санагдаад, шүлэг бичих яруу найрагчаас хачин их хамааралтай ч хамааралгүй мэт бодогдоод, бодгаль оршихуй, далдын хүчтэй холбогдох нь инээдтэй явдал гэж Кант шиг шүүмжилмээр байвал та Д.Сосорбарамын шүлгүүдийг уншсан хэрэг. Тиймгүйсэн бол таньд ийм бодлууд төрөхгүй байхсан. Хэрэв “Жүржийн амтат-Амьдрал” номыг уншаагүй атал ийм бодлууд дотроос чинь төрсөн бол шүлэг бичиж эхлэхэд юун буруу байх вэ? Минийхээр “нүдтэй” бол…

Зүгээр л Пүрэвхүүгийн Батхуяг 
                                                                                          
Дэлхийн дууны өдөрт зориулан бичив, ээ
                                                                2010.05.14

5 comments: