Tuesday, December 20, 2011

С.Начин: Ер нь яруу найраг гэдэг өөрөө хорвоо ертөнцийг таних, таниснаа бусдад хэн нэгэнд мэдрүүлэх агуу урлаг юм аа.


Энэ жилийн “Болор цом”-ын хамгийн залуу яруу найрагч тодотголтой оролцсон С.Начинтай “Болор цом”-ын болоод яруу найргийн талаар ярилцлаа. Тэрээр өнгөрсөн жил 19 настайдаа “Болор цом”-д шүлгээ өгсөн боловч тэнцээгүй. Харин энэ жил 180 гаруй найрагчаас 38-д үлдэн дараагийн шатанд оролцох эрхээ авсан юм. Мөн өнгөрсөн жилийн “Цагаан уул” хайрын шүлгийн уралдааны тэргүүн байрын шагналтай.


- Өөрийгөө юуны өмнө товч танилцуулна уу? Хэзээнээс яруу найргийн гэр бүлд оров?
- Намайг Сайнжаргалын Начин гэдэг. Улаанбаатар хотын жирийн нэгэн дүүрэг төмөр замд миний бага нас өнгөрсөн. Тэнд мэдээ орохоос л сонсогдсон дуу бол галт тэрэгний дуут бүрээ байсан. Түүнийг сонсоод л нэг мэдэхэд яруу найргийн галт тэргэнд суучихсан байх гэж боддог. Бас удамшина гэж ярьдаг даа. Тэрэн шиг удмын юм байгаа байх. Манай өвөө Д.Оросоо насаараа сэтгүүл зүйд зүтгэсэн. “Хөдөлмөр” сонин, “Тоншуул” сэтгүүлд ажилладаг байсан.


- “Болор цом”-ын хамгийн залуу оролцогч болсонд баяр хүргэе.
- “Болор цом” наадамд энэ жил залуу яруу найрагч гэсэн тодотголтой орох сайхан байсан. Баярлалаа.


- Ийм залуудаа яруу найргийн тэргүүн тэмцээнд орох бодол, зориг хэзээ, яаж гарав?
- Ер нь яруу найраг гэдэг өөрөө хорвоо ертөнцийг таних, таниснаа бусдад хэн нэгэнд мэдрүүлэх агуу урлаг юм аа. Тиймээс үе үеийн яруу найрагчдийн дуу хоолой эгшиглэнт охин тэнгэр “Янжинлхам”-ын мутард хүрсээр ирсэн. Тиймээс л “Болор цом”-д 2 дахь жилдээ бүтээлээ өгөөд тэнцсэн.


- 180 гаруй найрагчаас эхний шатанд 38 нь тэнцсэн. Тэнцсэн гэдгээ мэдээд ямар сэтгэгдэл төрж байв, залуу хүний хувьд чамгүй амжилт шүү...
- Мэдээж сайхан санагдалгүй яахав. Уран бүтээлч хүн жилийнхээ хөдөлмөрийг шалгуулна гэдэг том даваа. Сэтгэл их өндөр байсан.


- Ямар шүлгээрээ эхний шатанд тэнцсэн бэ?
- Энэ жил бичсэн “Байгаль нүдний өмнө” гэдэг шүлгээрээ тэнцсэн. Дараагийн шатанд “Яруу алдрын эрхэмсэг титмийг” гэдэг шүлгээ уншсан.


- Анх удаа “Болор цом”-ын хүндтэй тайзан дээр гарахад сандарсан уу, ямар байна?
- Эхлээд гарахад сандарч л байсан. Тэгээд эхний хоёр мөрөө уншингаа үзэгчид рүү хартал миний багш утга зохиол шүүмж, судлаач ШУ-ны доктор Д.Галбаатар өөдөөс инээхэд нь их урам орсон. Энэ завшаанийг ашиглаад МУИС-ын утга зохиолын хамт олондоо 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

- Та өнгөрсөн жил “Болор цом”-ын дараагаар ордог “Цагаан уул” хайрын шүлгийн уралдаанд түрүүлсэн. Тэгвэл энэ 2 тэмцээний ялгаа юундаа байна?
- “Цагаан уул” бол хайрын шүлгийн наадам. Энэ наадамд хоёр жил үе тэнгийн найрагчидтайгаа өрсөлдөж байж авсан. Залуучуудын хайрыг мэдрэх, мэдрүүлэх бас уран бүтээлийг нь олон нийтэд таниулах наадам. Харин “Болор цом” бол ард түмнийг уран бүтээлчидтэй уулзуулдаг, жилдээ нэг болдог 1984 оноос хойш зохиогдож ирсэн уламжлалт том наадам.


- Тэгвэл таны бодлоор энэ жилийн “Болор цом” тохирох эзэндээ очиж чадсан уу?
- Миний хувьд урд урдны жилүүдийг бодвол харьцангуй сайн шүлгүүд уншигдсан. Тохирох эзэндээ очсон гэж бодож байна. Урд нь “Болор цом”-ын эзэн болж байсан 2 найрагч байсан ч битүү морь түрүүлчихсэн. Их зөв. “Болор цом”-ын эзэн маань “Цагаан уул”-ын эзэн мөн болж байсан.

- Зарим хүмүүс Архангайн найрагч учраас Д.Болдхуяг бараг авах нь тодорхой байсан гэж ярих юм?
- Архангайтай холбоотой ч Архангайн гурван найрагч тэмцээнд оролцсон. Гэвч аваагүй. Харин тогтсон тодотголыг эвдсэн нь бусдад ч таатай байсан байх.


- Мөн цомын эзэн аль жилийн өмнө яригдаад тодорчихсон байдаг гэсэн. Энэ талаар?
- Тийм зүйл яригддаг л юм. Гэхдээ олны яриа оргүй гэдэг. Миний хувьд тэрийг нэг их судлаад, асуугаад явахыг хүсдэггүй.


- Тэгвэл Д.Болдхуягийн шүлгүүд ямар онцлог, давуу талтай вэ?
- Яг үнэнийг хэлэхэд Д.Болдхуяг найрагч уламжлалыг барьсан, хуучин сэтгэлгээтэй шүлгүүд уншсан. Харин хоёрын даваанд уншсан “Үхэл” гэсэн шүлэг нь нилээн шинэлэг болсон байсан.


- “Болор цом”-д маш олон жил оролцсон ч түрүүлээгүй хүмүүс байдаг. Гэтэл зарим нь 2, 3-хан жил ороод л түрүүлчих юм. Энэ юутай холбоотой юм бол?
- Ерөнхийдөө бас тухайн хүнд өгөгдсөн өгөгдөл, аз, од тухайн өдрөө мэдэрч шүлгээ унших зэрэг нь их нөлөөлнө л дөө. Жишээлбэл энэ жилийн цомын эзэнтэй ярьж суухад 4 дэх жилдээ орж байна гэсэн. Гэтэл 29 удаа болсон цомын 25-д нь СГЗ Ш.Гүрбазар уралдаад авч чадаагүй. Сүүлдээ зодог тайлсан шүү дээ.


- Дараагийн “Болор цом”-д оролцох уу?
- Бодсон юм алга. Ямар ч байсан яруу найргаас салж чадахааргүй болсон болохоор орох л байх.


- Цомын эзэн болон болтлоо юу?
- Өөрийн чадах чинээгээрээ чамбай сайнхан шүлгүүдээрээ оролцох болно. Тэгээд нэг сайхан өдөр хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж найз нартайгаа найрлана даа.
- Ерөөл бат оршиг. Тэгвэл энэ жилийн цомд сойсон шүлгүүдээсээ аль нэгийг нь уншиж сонирхуулаач.

- Хэт гүнзгий нөлөөлөлд автаж
Яруу найрагт дурласнаас хойш
Хэнэггүй гэнэ гэнэхэн цохилох цагийн зүүг
Яв цав зүрхээрээ мэдэрч
Амьдрах хийгээд үхэх 2 ямарч ялгаагүйг
Амьсгалынхаа чимээнээс олж цочиход
Гунин гэгэлзэхэд угтаа гэгээрэл болдогийг
Дурлуулж ханадаггүй хаврын охидын
Гэрэлт туяхан шилбэнээс цацрах өнгөнд цохиулж
Дотоод хүнтэйгээ тэрсэлдэн маргалдахдаа
Судал бүртээ нэгэн цагт шархдахдаа мэдэхгүй
Навчсын зөнд атаархан
Суунаглан буй утаагүй тосгоны
Нэгэн хэвийн уйтгарт автаж
Цохилох зүрхнийхээ шигшрэн гүйх дусао цусанд
Цоож цуургагүй хамаг нууцаа дэлгээд
Доромжлол мэт цаг хугацааг сөрж алхахад
Хяхтнан онгойх хаалганы завсраас
Хэн нэгэн өнгийх шиг
Өнгөрөн одсон дурсамж бүхний эхлэлээс
Гүн их эмзэглэл төрхийн төдийд
Өмөрч хоосорсон цээжний ховдол
Гэнэт сэрээд цамнахад
Сэрдхийтэл дэвэх сүрэг тагтааны хүчирхэг эрчилсэн давалгаанд
Солгой эгшгийг өөртөө ботилж
Хоног өдрийн уртад аман дотроо бувтнахад
Хамгийн ойрын хүсэл аньсага үнэрлэн сэрээх нь
Хөх тэнгэрийн эрчлээ
                                                                                                           Б.Хуяг

4 comments:

  1. Yanaa chi.
    Ingeed cristalboy bolchjiigaam bish biz dee. Durak

    ReplyDelete
  2. Орж л байх хэрэгтэй л дээ. Болорцомыг үзэн ядах юм байхгүй. Тэртээ тэргүй яруу найргын хэмжүүр биш гэдгийг бүгд л мэдэж байгаа ш дээ.

    ReplyDelete
  3. 2 hvvr chn uidaj vhej bga ym bnl daa nen negneesrr yriltslaga awaad l...

    ReplyDelete
  4. Битгий солиор эргүү мал минь 24 н цаг сайтаас авсын.

    ReplyDelete